Дүрэмд тусгагдсан нэр томъёоны утга

  • "Аюултай ачаа" -тээвэрлэлтийн үед хүний амь бие, эрүүл мэнд, байгаль орчинд хор хөнөөл тарих, эд материалын хохирол учруулж болзошгүй элдэв бодис, түүгээр хийсэн эд зүйл, үйлдвэрийн хаягдал, аж ахуйн зориулалт бүхий бусад зүйл;
  • "Бодит жин" -тээврийн хэрэгслийн тухайн үеийн жин. Чирэгдэж яваа тээврийн хэрэгслийн жинг бодит жинд оролцуулан тооцно;
  • "Бүх жин"-тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон өөрийн болон ачаа, жолооч, зорчигчийн нийт зөвшөөрөгдөх дээд жин. Чиргүүл нь тухайн тээврийн хэрэгслийн бүтцэд хамаарагдах бол бүх жинг чирэгч, чиргүүл хоёрын бүх жингийн нийлбэрээр тооцно;
  • "Гарц" -ойролцоох зогсоол, шатахуун түгээгүүр, үйлдвэр, албан байгууллага, хашаа, хороолол зэрэг рүү орох, тэдгээрээс гарахад зориулагдсан зорчих хэсэг замтай огтлолцсон бэлчир;
  • "Гол зам" -уулзварт нийлсэн хучилттай болон шороон замын хучилттай нь буюу энэ дүрмийн 1 дүгээр хавсралтын 3.1, 3.3.а,б,в, 5.1 тэмдэг (цаашид зөвхөн тэмдэг, тэмдэглэлийн дугаарыг зааж бичнэ) бүхий зам;
  • "Гүйцэж түрүүлэх" -явж байгаа эгнээнээсээ гарч урдаа яваа нэг буюу хэд хэдэн тээврийн хэрэгслийг гүйцэх үйлдэл;
  • "Давуу эрх" -бусад замын хөдөлгөөнд оролцогчоос хөдөлгөөнөө урьтан хийх эрх;
  • "Ердийн хөсөг" -уналга, ачлагад ашиглаж байгаа мал, амьтан буюу түүнд хөллөсөн хэрэгсэл (хөсөг);
  • "Жолооч" -тээврийн хэрэгслийг жолоодож яваа хүн. Жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг жолоочид хамааруулж ойлгоно;
  • "Зайлшгүй зогсолт" -жолооч, зорчигчийн биеийн байдал, тээж яваа ачаа, байгалийн үзэгдэл, зам дээр саад бий болсон зэргээс аюул учирч болзошгүй үед, түүнчлэн техникийн эвдрэлээс шалтгаалан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох үйлдэл;
  • "Зам" -тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газар. Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, таримал зүлэг, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна;
  • "Зам тавьж өгөх" -замын хөдөлгөөнд оролцогч нь давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдэл;
  • "Зам тээврийн осол" -зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал;
  • "Замын хөдөлгөөн" -нийтийн хэрэгцээний зам дээрх явганаар болон тээврийн хэрэгслээр хүн ба ачаа шилжих үйл ажиллагаа;
  • "Замын хөдөлгөөнд оролцогч" -замаар яваа жолооч, явган зорчигч болон тээврийн хэрэгслээр зорчигч;
  • "Зорчих хэсэг" -тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зориулсан замын хэсэг. Зам нь тусгаарлах зурвасаар зааглагдсан хэд хэдэн зорчих хэсэгтэй байж болно;
  • "Зохицуулагч" -замын хөдөлгөөнийг зохицуулах, хяналт тавих эрх, үүрэг бүхий этгээд;
  • "Механикжсан тээврийн хэрэгсэл" -мопедоос бусад хөдөлгүүрээр тоноглогдсон бүх төрлийн тээврийн хэрэгсэл;
  • "Мопед" -50 см3-ээс илүүгүй ажлын багтаамжтай хөдөлгүүр бүхий хоёр буюу гурван дугуйтай, техникийн хурд нь цагт 50 км-ээс ихгүй тээврийн хэрэгсэл;
  • "Мотоцикль" -шаахайтай буюу шаахайгүй хоёр дугуйтай механикжсан тээврийн хэрэгсэл. Энд өөрийн жин нь 400 кг-аас хэтрэхгүй гурав буюу дөрвөн дугуйтай механикжсан тээврийн хэрэгсэл мөн хамаарна;
  • "Суурин газар" -5.3, 5.5 тэмдгээр тэмдэглэгдсэн, хүн ам төвлөрч суурьшсан нутаг дэвсгэр;
  • "Төмөр замын гарам" -төмөр замтай нэг түвшинд огтлолцсон замын бэлчир;
  • "Тусгаарлах зурвас" -зэргэлдээ зорчих хэсгүүдийг зааглахад зориулагдаж хийгдсэн, зогсоол болон хөдөлгөөнд зориулагдаагүй замын хэсэг;
  • "Тууш зам" -5.1 тэмдгээр тэмдэглэгдсэн зам;
  • "Тээврийн хэрэгсэл" -хүн ба ачаа, суурилагдсан тоног төхөөрөмжийг замаар тээвэрлэхэд зориулсан хэрэгсэл;
  • "Тээврийн хэрэгслээр зорчигч" -тээврийн хэрэгсэл дээр буюу түүний бүхээг дотор байгаа жолоочоос бусад хүн;
  • "Түр зогсолт" -тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 5 минутаас илүүгүй хугацаагаар зогсоох үйлдэл. Зорчигчдыг буулгах, суулгах буюу ачаа ачих, буулгахад үүнээс илүү хугацаагаар зогсоох үйлдэл нь түр зогсолтод хамаарна;
  • "Удаан зогсолт" -зорчигчдыг буулгах, суулгах буюу ачаа ачих, буулгахаас бусад тохиолдолд 5 минутаас дээш хугацаагаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох үйлдэл;
  • "Унадаг дугуй" -унаж яваа хүний булчингийн хүчээр явдаг (тахир дутуу хүний тэргэнцрээс бусад) тээврийн хэрэгсэл;
  • "Уулзвар" -замууд нэг түвшинд огтлолцсон бэлчир (зорчих хэсгийн захын дугуйрч байгаа эхлэлийг түүний эсрэг тал руу шулуун холбож хязгаарлахад үүсэх талбай);
  • "Үзэгдэлт хангалтгүй үе" -байгалийн үзэгдэл (манан, шуурга гэх мэт) болон замд тоос боссоноос буюу бүрэнхий үед 300 метрийн дотор зам харагдахгүй болсон үе;
  • "Харанхуй үе" -үдшийн бүрийгээс үүрийн гэгээ орох хүртэлх хугацаа;
  • "Хүүхдийг зохион байгуулалттайгаар тээвэрлэх" -сургуулийн болон сургуулийн өмнөх насны хоёр буюу түүнээс олон хүүхдийг механикжсан тээврийн хэрэгслээр тусгайлан тээвэрлэх үйл ажиллагаа. Үүнд чиглэлийн тээврийн хэрэгслээр хүүхэд тээвэрлэхийг хамааруулахгүй;
  • "Цуваа" -ойрын гэрлээ асааж зохион байгуулалттай цуварч яваа гурав буюу түүнээс олон механикжсан тээврийн хэрэгсэл. Цувааг тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглосон тээврийн хэрэгсэл хамгаалан явж болно;
  • "Чиглэлийн тээврийн хэрэгсэл" -тогтоосон буудал бүхий чиглэлийн дагуу хүн тээвэрлэх зориулалтаар нийтийн үйлчилгээнд ашиглагдаж байгаа тээврийн хэрэгсэл (автобус, троллейбус, чиглэлийн такси);
  • "Чиргүүл" -механикжсан тээврийн хэрэгслээр чирэхэд зориулсан тээврийн хэрэгсэл;
  • "Эгнээ" -автомашины хөдөлгөөнийг нэг эгнээгээр явуулах боломж бүхий өргөнтэй, тэмдэглэлтэй буюу тэмдэглэлгүй зорчих хэсгийн дагуухь зурвас;
  • "Явган зорчигч" -замаар явган яваа (зам дээр ажил, үүрэг гүйцэтгэж байгаагаас бусад) хүн. Жагсаалаар яваа болон тахир дутуу хүний тэргэнцэртэй, мөн тэрэг түрж, чарга чирч, мотоцикль, мопед, унадаг дугуйг хөтөлж замаар яваа хүмүүсийг явган зорчигчид хамааруулна;
  • "Явган хүний гарц" -явган зорчигч зам хөндлөн гарахад зориулсан,  5.16.а,б тэмдэг буюу 7.13.а,б тэмдэглэлтэй, зорчих хэсгийн хөндлөн зурвас. Тэмдэглэлгүй гарцын өргөнийг 5.16.а ба 5.16.б тэмдгүүдийн хоорондох зайгаар тодорхойлно;
  • "Явган хүний гарам" -зорчих хэсэгтэй нэг түвшинд огтлолцоогүй, 5.17.а,б,в,г тэмдэг тавигдсан, явган зорчигч зам хөндлөн гарахад зориулсан гарц;
  • "Явган хүний зам" -зорчих хэсэгтэй хиллэсэн буюу түүнээс таримал зүлэг, хөвөөгөөр зааглагдсан явган зорчигчийн хөдөлгөөнд зориулсан замын хэсэг.
эх сурвалж: http://www.legalinfo.mn/
Дараах
Жолоочийн үүрэг