Гүйцэж түрүүлэх

10. Гүйцэж түрүүлэх
10.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараахь нөхцөлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино:
а/уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх;
б/өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх;
в/урд яваа тээврийн хэрэгсэл чиг өөрчлөх дохио өгсөн эсэх.
10.2. Гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхдээ гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүй байвал зохино.
10.3. Тээврийн хэрэгслийг зөвхөн зүүн гар талаар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрнө. Харин зүүн гар тийш дохио өгөөд эргэх үйлдлээ эхэлсэн тээврийн хэрэгслийг баруун гар талаар нь гүйцэж түрүүлж болно.
10.4. Гүйцэж түрүүлэх гэж байгаагаа бусад жолооч нарт гэрэл шилжүүлэх буюу дуут дохио өгөх байдлаар (энэ дүрмийн 6.1, 15.7-д заасныг зөрчихгүйгээр) анхааруулж болно.
10.5. Гүйцэгдэж байгаа жолооч хурдаа нэмэх, гүйцэж түрүүлэхэд ямар нэг байдлаар саад хийхийг хориглоно.
Гүйцэж түрүүлэх нь хөдөлгөөнд аюултай байвал гүйцэгдэж байгаа жолооч зүүн гар тийш эргэх дохио өгч анхааруулна.
10.6. Гүйцэж түрүүлэхийг хориглох тохиолдол:
      а/зохицуулдаг уулзвар дээр эсрэг урсгалыг сөрөхөөр бол;
      б/зохицуулдаггүй уулзвар буюу гарц дээр (баруун гар талаар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрснөөс бусад тохиолдолд);
      в/явган хүний гарц дээр;
      г/төмөр замын гарам дээр буюу түүнд хүртэл 100 метрээс ойр зайд;
      д/гүйцэж түрүүлж байгаа буюу тойрон гарч байгаа, мөн зүүн гар тийш эргэх дохио өгсөн тээврийн хэрэгслийг (баруун гар талаар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрснөөс бусад тохиолдолд);
      е/эсрэг урсгалыг сөрөхөөр бол замын өгсүүр хэсгийн төгсгөл буюу үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт;
      ж/хөдөлгөөнд саад бэрхшээлтэй замд цувааг.

эх сурвалж: www.legalinfo.mn
Өмнөх
Тээврийн хэрэгслийн хурд
Дараах
Түр буюу удаан зогсох