Ачаа тээвэрлэх

22. Ачаа тээвэрлэх
22.1. Ачааны жин болон тэнхлэгт ногдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байвал зохино.
22.2. Ачааг дор дурдсан шаардлагыг хангахаар байрлуулж бэхэлсэн байна:
      а/унаж чирэгдэхгүй, хөдөлгөөнд оролцогчдод саад, аюул учруулахгүй байх;
      б/жолоочийн харах боломжийг хязгаарлахгүй байх;
      в/тээврийн хэрэгслийн тогтворжилтыг алдагдуулахгүй, жолоодлогыг хүндрүүлэхгүй байх;
      г/тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, гэрэл ойлгуур, эргэх чиг заадаг гэрэл буюу гараар өгөх дохио, улсын дугаар, таних тэмдгийг халхлахгүй байх;
      д/их хэмжээний дуу чимээ, эвгүй үнэр гаргахгүй, тоос шороо босгохгүй, зам ба орчныг бохирдуулахгүй байх.
22.3. Суурин газарт 22 цагаас 06 цагийн хооронд дуу чимээ гаргаж ачих, буулгахыг хориглоно.
22.4. Хүнд буюу овор ихтэй мөн аюултай ачаа тээвэрлэх автомашины жолооч нь тухайн ангиллын тээврийн хэрэгслийг гурваас дээш жил жолоодож дадлагажсан хүн байх бөгөөд хөдөлгөөнд оролцохдоо ойрын гэрлээ асааж явна.
22.5. Хүнд ачаа тээвэрлэх, мөн тээврийн хэрэгслийн ачаатай буюу ачаагүй өндөр нь 4 метр, өргөн нь 2.5 метр, урт нь 20 метр, ачаа нь тээврийн хэрэгслийн овроос арагшаа 2 метрээс илүү түүнчлэн хоёр буюу түүнээс олон чиргүүлтэй бол хөдөлгөөнд оролцохдоо Замын цагдаагийн албанаас зөвшөөрөл авна.
22.6. Тээврийн хэрэгслийн овроос уртаашаа 1 метр, өргөөшөө 0.4 метрээс илүү гарсан ачааг тээвэрлэхдээ түүний илүү гарсан хэсэгт "Овор ихтэй ачаа" таних тэмдэг, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед урд нь цагаан, ард нь улаан өнгийн гэрэл буюу гэрэл ойлгуур байрлуулна.
22.7. Аюултай ачаа, тэдгээрийн ариутгаагүй сав, баглаа, боодлыг тусгай журам, стандартын дагуу тээвэрлэх бөгөөд тээврийн хэрэгслийн урд болон ард "Аюултай ачаа" таних тэмдгийг байрлуулна.
22.8. Суудлын автомашин, мотоциклоор түүний овроос урт буюу өргөнөөрөө 0.5 метрээс илүү гарсан ачаа тээвэрлэхийг хориглоно.


source: www.legalinfo.mn
Өмнөх
Хүн тээвэрлэх
Дараах
Анхааруулах тэмдэг