Тээврийн хэрэгсэл байрлан явах

8. Тээврийн хэрэгсэл байрлан явах
8.1. Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл буюу 5.10.а,б, 5.11.а,б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно.
8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.
8.3. Хөдөлгөөний эгнээ нь тэмдэглэлээр тодорхойлогдсон гурван эгнээгээр зорчдог замын дунд эгнээ сөрөг хөдөлгөөнтэй бол уг эгнээнд зөвхөн гүйцэж түрүүлэх, тойрон гарах, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд орохыг зөвшөөрөх бөгөөд түүний зүүн гар талын эгнээнд урсгал сөрөхийг хориглоно.
8.4. Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.
8.5. Суурин газрын гаднахь зам буюу 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын эгнээ чөлөөтэй байхад (зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд) түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно.
8.6. Суурин газарт жолооч энэ дүрмийн 8.7-8.10, 23.4-т заасан шаардлагуудыг зөрчихгүйгээр аль тохиромжтой эгнээг сонгож явна. Хөдөлгөөний эрчим ихтэй (эгнээ чөлөөгүй) замд эргэх үйлдэл хийх, саадыг тойрон гарах, зогсохоос бусад тохиолдолд эгнээ байр өөрчлөхийг хориглоно.
8.7. Нэг чигт гурав буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замын тухайн чигийн хамгийн зүүн гар талын эгнээнд зөвхөн гүйцэж түрүүлэх, зүүн гар тийш болон буцаж эргэхийн тулд, мөн хөдөлгөөний эрчим ихтэй (бусад эгнээнүүд чөлөөгүй) үед байр эзлэхийг зөвшөөрнө. Харин бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин зөвхөн зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд уг эгнээнд орохыг хориглоно.
Дээрх зам нь нэг чигийн хөдөлгөөнтэй бол түр зогсохын тулд хамгийн зүүн гар талын эгнээнд орохыг зөвшөөрнө.
8.8. Трактор, өөрөө явдаг машин механизм болон цагт 40 км-ээс илүүгүй хурдтай явах тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлэх, тойрон гарах, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд зорчих хэсгийн хамгийн баруун гар талын эгнээгээр явна.
8.9. Тууш замд бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин зорчих хэсгийн баруун гар талын нэг буюу хоёр дахь эгнээгээр явна.
8.10. Троллейбусны жолооч өмнөх троллейбус шугамнаас салаагүй байхад зэрэгцээ эгнээнд орохыг хориглоно.
8.11. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.
эх сурвалж: http://www.legalinfo.mn/
Өмнөх
Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх
Дараах
Тээврийн хэрэгслийн хурд