Тээврийн хэрэгсэл улсын үзлэг, оношлогооны шалгуур үзүүлэлтүүд

Улсын үзлэгт тээврийн хэрэгсэлийг дараах үндсэн үзүүлэлтүүдээр шалгана. 

1. Автотээврийн хэрэгслийн техникийн байдлын хяналтын үзлэг хийх аж ахуйн нэгж байгууллага нь өөрийн хэмжих, оношлох багаж, хэрэгсэл, байр, талбайд техникийн байдлын хяналтын үзлэг явуулах технологийн карт боловсруулж мөрдөнө. Автомашины техникийн байдлын хяналтын үзлэг хийхдээ доорхи үзүүлэлтүүд, агрегат зангилаа, механизм, тоноглол, эд ангийг хамруулан шалгаж, автотээврийн хэрэгслийн техникийн байдлын хяналтын үзлэгийн дүгнэлт гаргана. Үүнд:
1) Автомашины өрөнхий байдал, иж бүрдэл
2) Хөдөлгүүр, хүч дамжуулах анги
3) Тоормосны систем
4) Жолооны механизм
5) Явах анги, нум, амортизатор, булны бэхэлгээ
6) Арал, их бие тэвш
7) Автомашины хөдөлгөөний аюулгүй байдлын иж бүрдэл
8) Экологийн болон эргономикийн үзүүлэлтүүд
9) Гэрэлтүүлэг, цахилгааны систөм
10) Хөдөлгүүрийн системийн хэвийн ажиллагаа
11) Өргөх төхөөрөмж, тусгай тоноглол

1.1. Автомашины ерөнхий байдал, иж бүрдлийн үзлэгт түүний гаднах өнгө үзэмж, улсын дугаар, техникийн бичиг баримт, ерөнхий иж бүрдэл зэргийг шалгах ажилбарууд багтана. Автомашины ерөнхий байдал, өнгө үзэмжийг доорхи үзүүлэлтүүдээр шалгаж, техникийн байдалд нь үнэлгээ өгөх ба эхэлж шалгах нь илүү тохиромжтой. Гаднах байдлаар үзэж шалгаж болох зарим ажилбаруудыг хамтатган нэг байран дээр хийж болно. Үүнд:
1/ - улсын дугаар, таних тэмдэг
- арал, бүхээгний дугаар
- хөдөлгүүрийн дугаар
- тээврийн хэрэгслийн гэрчилгээний дугаарыг нэг бүрчлэн шалгаж, тулгалт хийнэ.
2/ - тээврийн хэрэгслийн зориулалт
- ашиглалтанд орсон он
- үйлдвэрлэсэн улс
- эзэмшигчийн /байгууллага, иргэн/ нэр
- үзлэгт орсон хугацааг бүртгэж авна.
3/ - тээврийн хэрэгслийн иж бүрдэл, өнгө үзэмж
- хаалга, тэвшний түгжээ
- чирэх хэрэгсэл
- шил, толь
- хамгаалах бүс, суудал түшлэг
- бусад иж бүрдлийг шалгана.
Дараах тохиолдолд тэнцэхгүй үнэлгээ өгнө. Үүнд:
1. Тээврийн хэрэгслийн өнгө, үзэмж
- Кузовны аль нэг хэсэг 1.0 дм-ээс их талбайд хонхойсон буюу урагдсан, булан хүртлээ цөмөрсөн, эсвэл будаг нь ихээхэн халцарсан
- Улсын дугаар, таних тэмдгийг Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрэм, MNS 4410:2002 "Тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэмдэг" стандартад заасны дагуу хийгээгүй, гаргагдахуйц тод бичээгүй
- Салхины болон арын шилний, хаалганы рам гажсан, үүнээс шалтгаалан шил тогтоогуур хөндийрсөн, аль нэг хаалга дутуу хаагддаг болсон
- Капот болон тээшний таг гажсан, гүйцэд хаагдахгүй болсон
- Тээврийн хэрэгслийн бүхээг, тэвшин дээр реклам, гоёл, таних тэмдгийн зориулалттай бичилт хийх, зураг зурах, наахаас бусад тохиолдолд үйлдвэрийн үндсэн өнгөнөөс ялгарах өнгөөр үзэмж муутай алаглуулан будсан хаалга, крыло, багана, тулгуур, хашлага, тээшний таг зэргийг сольж тавьсан бол өнгө үзэмж муутайд тооцно.

Хаалга, тэвшний бэхэлгээ, чирэх хэрэгсэл
- Хаалга, тэвшний бэхэлгээ, түгжээ эвдэрсэн
- Чирэх хэрэгсэл эвдэрсэн, түгжээ нь мултарсан
- Шат, гишгүүр эвдэрч гэмтсэн, бариул, түшлэг гагнаасаараа ханзарсан.

Шил, толь
- Салхины болон арын шил их хэмжээгээр цуурч, жолоочийн харах талбайг багасгасан
- Шил арчигч байхгүй, ажиллахгүй болсон
- Хаалганы болон бусад шил хагарч цоорсон
- Салхины шилэн дээр үзэгдэлт халхлах элдэв зүйл наасан
- Арыг харах толь байхгүй
- Зорчигчийн заалны толь байхгүй
- Их багтаамжийн нийтийн тээврийн автобусны чанга яригч, хаалга нээх, хаах төхөөрөмж эвдэрсэн буюу байхгүй.

Хамгаалах бүс, суудал, түшлэг
- Суудал, түшлэг байхгүй буюу урагдаж, цоорсон, их биетэйгээ сайтар бэхлэгдээгүй
- Хамгаалах бүс байхгүй буюу ажиллахгүй болсон
- Зориулалтын бус сандал, суудалтай
- Зорчигч тээврийн автобусанд тулгуур, бариул байхгүй.

Бусад иж бүрдэл
- Ослын зогсолтын тэмдэг
- Эмийн сан
- Нөөц дугуй
- Өргүүр /Домкрат/
- Багаж
- MNS 5012:2001, MNS 5122:2002 стандартуудад заасан нийтийн тээврийн автобус, таксийн маршрутын самбар, семафор, гэрлэн хаяг, таних тэмдэг г .м. нэмэгдэл тэмдэглэгээ, бичээс, хэрэгслүүд
- Галын хор.
2. Хөдөлгүүр, хүч дамжуулах ангийн техникийн байдлыг шалгаж оношлох
Тусгай зогсоол, өргүүр сувагт болон тээврийн хэрэгслийн туршилтын жолоодлого хийх замаар хөдөлгүүрийн дуу чимээ, хурд авалт, хөргөлтийн болон тосолгооны системийн техникийн байдал, гэмтэл, шингэн ба тос гоожилт, сэнсний оосрын элэгдэл, тохиргоо, гэмтэл, хэт суларсан байдал, холбох эд ангийн гэмтэл, бэхэлгээ зэрэг гаднах байдлын ерөнхий үзүүлэлтүүдийг зориулалтын алхаар цохих, нүдээр үзэж шалгах, сонсох зэргээр тус тус шалгаж үнэлгээ өгнө.

Дараах гэмтэл илэрсэн тохиолдолд тэнцэхгүй гэсэн үнэлгээ өгнө. Үүнд:
- Хөдөлгүүр, хурдны хайрцаг, ерөнхий дамжуулгаас тос гоожсон
- Дискэн холбоо салахгүй буюу хий эргэдэг болсон
- Хурдны хайрцгийн аль нэг дамжуулгад араа мултардаг болсон
- Кардан гол савлагаатай болсон
- Хөргөх системээс шингэн гоожсон
- Хурдны хайрцаг, кардан дамжуулгын бэхэлгээ суларсан.

3.Тоормосны системийг шалгаж оношлох
Тоормосны дөрөөний сул явалт, бүрэн явалт, удаашралт, тоормосны зам, хүч зэрэг үзүүлэлтүүдийг тусгай багаж болон тоормосны стенд дээр, тоормосны механизмын идэвхжилийг тоормосны удирдлагын дамжуулгын чөмөг, шингэн болон хий дамжуулах хоолой, гуурсны битүүмж, төв цилиндр ба хүчлүүрийн техникийн байдлыг нүдээр үзэж тус тус шалгаж үнэлгээ өгнө.
Гар /зогсоолын/ тоормосны ажиллагааг тухайн автомашиныг налуу байрлалд, тоормосны стенд дээр болон децелерометр /хурд сааралт хэмжигч/-ээр шалгана.
Автотээврийн хэрэгслийн тоормосны системийн техникийн байдлыг дараах үзүүлэлтүүдээр шалгаж, үнэлгээ өгнө. Үүнд:
- Хий ба шингэн удирдлагатай тоормосны системийн битүүмж
- Тоормосны зам
- Тоормосны хүч
- Дугуй бүрийн тоормосны жигд барилт, тэдгээрийн зөрүү
- Зогсоолын тоормосны идэвхжил
- Тоормосны дөрөөний сул ба бүрэн явалт
- Тоормосны дөрөөн дээр дарах хүч.

Хий ба шингэн удирдлагатай тоормосны системийн битүүмжийг гаднах байдлаар, удирдлагын систем, дамжуулах хоолойн хий, шингэний алдалтаар, тоормосны дөрөөн дээр 1 кН /100 кг/ хүртэл хүчээр дарж шалгах ба үнэлгээ өгнө.

Тоормосны замаар тоормосны системийг шалгахдаа тухайн автомашиныг тэгш хуурай, цэвэр асфальтан зам дээр 40 км/ц-ийн хурдтай явах үе дэх тоормосны мөрөөр тодорхойлно.

Тоормосны хүчийг тухайн ангиллын тээврийн хэрэгсэлд тохирсон тоормосны стенд дээр тэнхлэг, дугуй тус бүрээр нэг бүрчлэн шалгана. Тоормосны стенд нь автомашины дугуй тус бүрээр тоормосны хүчийг тодорхойлох, тэдгээрийн идэвхжилийн зөрүүг тогтоох боломжтой байна.

Зогсоолын тоормосны идэвхжилийг ачааллаас нь хамааруулан 16-23%-ийн налууд автомашиныг зогсоож шалгана. Тухайн ангиллын автомашинд тохирсон тоормосны стенд дээр, эсвэл хурд сааралт хэмжигчээр хэмжинэ.

Шалгах явцад дараах гэмтлүүд илэрвэл тэнцэхгүй үнэлгээ өгнө. Үүнд:
- Тоормосны удирдлагын систем, дамжуулах хоолойноос хий, шингэн алдсан, тоормосны дөрөө дээр нэг удаагийн даралтаар жигд удаашран зогсохгүй тохиолдолд тоормосны хий болон шингэн удирдлагын системийн битүүмж алдагдсан гэж тооцно.
- Тоормосны аюулгүй байдал нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрэмд заасан хэмжээнээс хэтэрсэн бол
- Нэг талын дугуйн тоормосны хүч нь тухайн автотээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтонд заасан хэмжээнээс багагүй
- Автомашины нэг тэнхлэг дэх хоёр дугуйн тоормосны хүчний зөрүү Урд тэнхлэгийн дугуйнуудын хувьд - 20.0% Бусад тэнхлэгийн дугуйнуудын хувьд - 30.0%-аас их бол
- Зогсоолын тоормосны идэвхжил нь Замын хөдөлгөөний дүрэмд заасан хэмжээнд хүрэхгүй бол
- Дөрөөний сул явалт тухайн автомашины техникийн тодорхойлолтонд заасан хэмжээнээс хэтэрсэн бол
- Дөрөөн дээр дарах хүч нь тухайн автомашины техникийн тодорхойлолтонд заасан хэмжээнээс хэтэрсэн бол тус тус тэнцэхгүй гэсэн үнэлгээ өгнө.
 
4. Жолооны механизмыг оношлох
Жолооны хүрдний сул явалт, бүрэн явалт, удирдлагын кардан дамжуулгын сулралт, ан цав, гажилт, хазайлт, жолооны араат дамжуулгат механизмын дуу чимээ, тос алдалт, татуурга, өндгөн тулгуурууд, нугасан холбооны бэхэлгээний гэмтэл, гажилт, сул зай зэргийг зориулалтын багаж, төхөөрөмжөер болон нүдээр үзэж шалгах, сонсох зэргээр шалгаж үнэлгээ өгнө. Жолооны механизмыг явах ангийн оношлогоотой хамтатган тусгай зогсоол, стенд ба шалгалтын жолоодлого хийлгүүлэн гүйцэтгэх бөгөөд дараах ажилбаруудыг хамт хийнэ. Үүнд:
- Жолооны хүрдний сул явалт
- Жолооны хүрдийг эргүүлэх хүч
- Дугуйн хийн даралт
- Дугуйн хээний гүн
- Зөөллүүр /амортизатор/
- Жолооны удирдлагын дамжуулга, татуурга, гар нугасан холбоос, эргэх нударганы сул явалтыг нэг бүрчлэн хэмжиж, шалгана.

Шаардлагатай тохиолдолд автомашины урд тэнхлэгийн тавилтын өнцгийг шалгах ба автомашиныг стендэнд эгц шулуун, голлуулан байрлуулна.

Жолооны хүрдний сул явалтыг хэмжих багажийг /люфтометр/ жолооны хүрдэнд бэхэлнэ. Энд люфтометр нь эргэлтийн өнцгийг градусаар, эргүүлэх хүчийг 0.01 кгС-ийн нарийвчлалтайгаар хэмжих шаардлагатай. Люфтометрийн динамометрийн зүү огцом хөдлөх хүртэл жолооны хүрдийг эргүүлэх бөгөөд хүрдний өнцгийн хуваарийг сул явалтын өнцөг гэж тэмдэглэл хийнэ. Жолооны хүрдний сул явалт нь үйлдвэрлэгчийн техникийн тодорхойлолтонд заасан, эсвэл Замын хөдөлгөөний дүрэмд заасан хэмжээнээс хэтрэхгүй байх ёстой. Жолооны хүрдийг эргүүлэх хүч нь тэгш хуурай асфальтан зам дээр тухайн автомашиныг зогсож байхад үйлдвэрлэгчийн техникийн тодорхойлолтонд зааснаас хэтэрсэн үед тэнцэхгүй гэсэн үнэлгээ өгнө.

Дугуйн хийн даралтыг хэмжихдээ тухайн автомашины дугуйг өргөж хөндийрүүлсэн үед дугуйн хийн даралт хэмжих зориулалтын хошуутай манометрээр хэмжинэ.

Дугуйн хийн даралт нь үйлдвэрлэгчийн техникийн тодорхойлолтонд заасан, тэнхлэг тус бүр дээрх ачааллаас 10.0% их буюу бага байвал тэнцэхгүй гэсэн үнэлгээ өгнө.

Дугуйн хээний гүнийг дугуйн хээний өргөнийг голлуулан газарт тулах хэсгээр тойргийн дагуу 4 цэгт 0.1 мм-ийн нарийвчлалтай гүн хэмжигчээр хэмжиж, 4 хэмжилтийн арифметик дунджаар дугуйн хээний гүнийг тодорхойлно. Хэрэв дугуйн хээний гүн "Замын хөдөлгөөний дүрэм"-д заасан хэмжээнээс бага, бүрэн биш, хэт элэгдсэн дугуй тавьсан бол тэнцэхгүй гэсэн үнэлгээ өгнө.

Жолооны удирдлага, дамжуулга, татуургыг шалгахдаа тухайн автомашиныг тусгай зогсоол, эсвэл сувагт зогсоож, урд дугуйг нэг бүрчлэн холхиулж шалгана. Эргэх нударганы удирдлагын татуургууд мэдэгдэхүйц холхио орсон, бэхэлгээ нь суларсан бол тэнцэхгүй үнэлгээ өгнө.

Урд тэнхлэгийн тавилтын /дэрвийлт, хумайлтын/ өнцгийг тэнхлэг шалгаж тохируулах багажаар тухайн автомашиныг тусгай сувагт /пост/ зогсоож шалгах шаардлагатай. Урд тэнхлэгийн тавилтын /дэрвийлт, хумайлтын/ өнцөг тухайн автомашины техникийн баримт бичигт зааснаас өөрчлөгдсөн нөхцөлд тэнцэхгүй үнэлгээ өгнө.
5. Явах анги, нум, пүрш, амортизатор, булны бэхэлгээний байдлыг жолооны механизмын оношлогоо
Үзлэгтэй хамтатган суваг дээр зориулалтын алхаар цохиж, нүдээр үзэж, холхиулж хөдөлгөх зэргээр шалгана. Дугуй, бул, гарны бэхэлгээ суларч муудсан, пүрш, нумны хуудаснууд уярч, хугарсан, зөөллүүр ажиллахгүй болсон бол тэнцэхгүй гэж үзнэ.
 
6. Арал, их бие, тэвш
Энэ үзүүлэлтээр шалгахдаа тэдгээрийн ан цав, гажилт, зэврэлт, гулзайлт, ачаалах хэрэгсэл буюу хаалга, тэвшний түгжээ, чирэх хэрэгсэл зэргийн бүрэн бүтэн байдлыг өргүүр, эсвэл суваг дээр дараах үзүүлэлтээр зориулалтын алхаар цохиж, нүдээр үзэж шалгана. Үүнд:
1) Арлын дугаар
2) Кузовны дугаарыг тулгалт хийж хүснэгтэд тэмдэглэнэ
3) Арлын хөндлөвч, дагуу гуянуудыг үзлэг хийж шалгана
4) Подрам, хадаас, гагнаасыг шалгана
5) Кузовны бэхэлгээ, аюулгүйн тулгуурыг шалгана. Хэрэв арал, кузовны дугаар техникийн баримт бичиг дэх дугаартай тохирохгүй, эсвэл арлын хөндлөвч, подрам гулзайсан, гажсан, их биенээс ханзарсан, кузовны бэхэлгээ, аюулгүйн тулгуур суларсан бол тэнцэхгүй үнэлгээ өгнө.

7. Автомашины хөдөлгөөний аюулгүй байдлын иж бүрдэл
Доорхи үзүүлэлтээр зориулалтын талбайд шалгана. Үүнд:
1) Автомашины оврын гэрлүүд, цацруулагч, гэрлийн хүрээ
2) Гал унтраагуур
3) Эмийн сан
4) Салхины шилний үзэгдэх орчныг хязгаарлах байдал /их хэмжээний цууралт буй эсэх/
5) Шил арчуурын ажиллагаа
6) Салхины шилний угаагч хэрэгслийн ажиллагаа
7) Цан үлээгүүр
8) Арыг харах толь зэргийн иж бүрдлийн үзлэг хийнэ.

8. Экологийн болон эргономикийн үзүүлэлтийг хэмжиж шалгах
Тухайн автомашины хөдөлгүүрийн ажилласан хийн найрлага дахь агаар орчныг бохирдуулах бодисуудын хэмжээг MNS 5013:2003, MNS 5014:2003 стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээг баримтлан тухайн автомашины хөдөлгүүрийн хамгийн бага эргэлтэд газоанализатор, тортог хэмжигч, шуугиан хэмжигч багажаар тус тус хэмжиж шалгана.
  • Бензинт хөдөлгүүрт автомашинд хөдөлгүүрийн утааны найрлага дахь агаар бохирдуулах бодисууд /СО, СН/-ийн хэмжээг MNS 5013:2003-д заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээг баримтлан хийн анализатороор, дизель хөдөлгүүртэй автомашины утааны тортогжилтын хэмжээг MNS 5014:2003 стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээг баримтлан тортогжилт хэмжих багажаар тус тус хэмжиж, хэмжилтийн утгыг зөвшөөрөгдөх дээд хэмжээтэй харьцуулалт хийж, дүгнэлтийн маягтад тэмдэглэнэ.
  • Дуу намсгагчаас гадаад орчинд гаргаж байгаа дуу чимээний түвшинг MNS 4599:2003 стандартын шаардлагын дагуу шуугиан хэмжигч багажаар хэмжинэ.
  • Дуу чимээг хэмжих багаж нь MNS 5024:2003 стандартын шаардлагуудыг хангасан байна.
  • Хэмжилт явуулах байр талбай замын гадаргуугийн налуу нь 1%-аас илүүгүй байна. Хэмжих хэсгийн дундаас 50 м-ийн зайд байшин барилга юмуу орчны дуу чимээ үүсгэхгүй байвал зохино.
9. Гэрэлтүүлэг, цахилгаан системийн ажиллагаа
Шалгахад их гэрэл, эргэх дохионы гэрэл болон гэрэл шилжүүлүүр зэргийг үзлэг хийж, шалгах ба хянах самбарын заагч багажны ажиллагаа, дуут дохио болон цахилгаан дамжуулах утасны бүрэн бүтэн байдал, аккумуляторын техникийн байдлыг ажиллуулж шалгана. Ингэхдээ дараах үзүүлэлтээр нэг бүрчлэн шалгана. Үүнд:
1) Их гэрлийн тусгалын тохиргоо
2) Гэрлийн хүч
3) Гэрэл шилжүүлэгч
4) Үйлдвэрээс тавьсан гаднах гэрлэн дохио, гэрэл ойлгуурын иж бүрдэл
5) Хурд хэмжүүрийн ажиллагаа
6) Дуут дохио
7) Цахилгаан дамжуулах утасны бүрэн бүтэн байдал
  • Их гэрлийн тусгалын тохиргоог гэрлийн тусгал шалгах самбар юмуу гэрлийн тусгал хэмжиж, тохируулагч багаж дээр шалгана.
  • Их гэрлийн хүчийг гэрлийн тусгал хэмжиж, тохируулагч багаж дээр шалгана.
  • Бусад үзүүлэлтийг гаднах байдлын үзлэг хийж шалгана.
Дараах гэмтэл илэрсэн тохиолдолд бүрэн бус, тэнцэхгүй гэсэн үнэлгээ өгнө. Үүнд:
1) Их гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан
2) Гэрлийн хүч илт муудсан, үйлдвэрээс тавьсан гаднах гэрлэн дохио, гэрэл ойлгуургүй
3) Хурд хэмжүүр бүрэн ажиллахгүй
4) Дуут дохио ажиллахгүй
5) Гэрлийн шил хагарсан, цуурсан, эсвэл байхгүй
6) Гэрэл гэмтэлтэй эсвэл огт ажиллахгүй
7) Зөвшөөрөгдөөгүй гэрлийн өнгөтэй бол замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлага хангахгүй байна гэж үзнэ.
10. Хөдөлгүүрийн системүүдийн ажиллагаа
Үүнийг гаднах байдлаар үзлэг хийж шалгах бөгөөд гол үзүүлэлт нь битүүмж, шатахуун, тослох материал, тусгай шингэний гоожилт, заагч багажийн заалт /ажиллагаа/, бэхэлгээний сулралт, гэмтэл зэрэг болно. Эдгээрийг нүдээр үзэж шалгана.

ЛИЗИНГЭЭР АВЧ БОЛОХ АВТОМАШИНУУДЫН ЖАГСААЛТ ХАРАХ ЛИНК /Бичиг дээр дарна уу/ Та энэхүү жагсаалтаас өөрт таалагдсан автомашинаа сонгож онлайнаар лизингийн хүсэлтээ илгээнэ үү!


 
Өмнөх
Шатахуун бага зарцуулахад анхаарах зүйлс...
Дараах
МАШИНЫ ШӨНИЙН ХАРАА, ГЭРЛИЙН ТУХАЙ