Амортизатор

Амортизатор гэдэг энэ эд анги нь автомашины тулгуурын системийн нэг чухал эд анги бөгөөд уян нум болон пүршин дээр савлах автомашины кузовын хэлбэлзлийг тогтворжуулж авто машины дугуйг газрын гадаргуутай барьцалдуулж байдаг үүрэгтэй.         Амортизаторын энэ үүрэг зорилгыг манай монголын зарим нэг автомашин эзэмшигч мэддэггүй ба амортизаторыг автомашиныг зөвхөн зөөлхөн, тухтай, дуу чимээгүй явуулах эд анги мэтээр буруу ойлголттой  байна.
  Амортизатор нь автомашиныг өндөр хурдан дээр эргэх үед кузовыг найдвартай барьж хөмрөх, онхолдох аюулаас сэргийлж жолооч таны болон зорчигчдын амь насыг найдвартай хамгаалж байдаг. Хөдөлгөөний аюулгүй байдалд шууд нөлөөлдөг эд анги юм.
Дээр өгүүлсэн амортизатор нь автомашины тулгуурын системийн зөвхөн ганц эд анги биш гэдгийг хэзээ ч мартаж болохгүй.  Үндсэндээ автомашиныг зөөлөн тухтай болгож байгаа зүйлүүд нь:
1-рт  Пүрш болон нум
2-рт Хэвтээ болон босоо тэнцүүлэгчүүд 
3-рт Тулгуурын системд ордог  урд болон хойд тэнхлэгийн гарнууд
4-рт Кузовны төрөл бүрийн дэр болон зөөллөгч резинүүд 
5-рт Рулийн механизмын шарнерууд 
6-рт Тэнхлэгийн гарнуудын дээд доод өндгөн тулгуурууд
7-рт  Дугуй гэх мэтийн эд ангиуд байдаг. 
 Юунаас болж амортизатор муудах вэ?
Амортизаторын эдэлгээний хугацаа маш олон хүчин зүйлээс шалтгаалдаг. 
•    Ашиглалтын нөхцөл 
•    Замын нөхцөл байдал 
•    Амортизаторт нөлөөлөх сэлбэгийн байдлаас 
•    Жолоодлогын ур чадвараас г.м
Өвлийн улиралд хөдөлгөөн эхлэхдээ бага хурдтайгаар хэсэг хугацаанд явж амортизаторын жигд ажиллагааны улмаас тосыг гэсгээсний дараа хурдаа авч болно. Хүйтэнд хөдөлгөөн эхлэнгүүт өндөр хурдтайгаар муу замд явахад амортизаторын эдэлгээний хугацаа богиносдог.                                     Мөн амортизаторын хамгаалалт резин цоорох буюу урагдсанаас шороо  тоос, ус орсны улмаас никель гол гэмтэх буюу зэвэрч хамгаалалтын сальник резин сэтэрч амортизатор өөрийн үүргээ гүйцэтгэхээ болино. Мөн явах ангийн сэлбэгүүд (гарны втулк, тэнцүүлэгч, түүний резин, пүрш, амортизаторын дээд тулгуур / таваг/) муудсанаас болон дууриамал сэлбэг тавьснаас болж амортизаторын эдэлгээний хугацаа богиносохоос гадна хөдөлгөөний аюулгүй байдалд муугаар нөлөөлнө.  Ялангуяа торсионный пуржинтэй авто машины хувьд тохиргоо алдагдсанаас амортизаторын эдэлгээ богиносно. Энэ нь пүршний нэг төрөл бөгөөд монголчууд үүнийг кузов өргөгч гэж буруугаар ойлгоод тохиргоог алдагдуулдаг. Мөн аваарт орсон авто машины хувьд хэвийн хэмжээ  бага зэрэг алдагдсан тохиолдолд амортизаторын эдэлгээ мөн богиносдог.
 
Амортизаторaa муутгахгүйн тулд жолооч хүн яах ёстой вэ?
1.    Амортизаторын үндсэн үүрэг маань юу вэ? гэдгийг эхлээд санах хэрэгтэй. 
2.    Амортизаторт хамгийн их нөлөөлж хамтран ажилладаг зөөллөгч пуржин болон нумыг байнга шалгаж муудсан тохиолдолд даруй сольж байх. /зөвхөн оргиналиар/ 
3.    Хуурамч бөгөөд хуучирч муудсан пуржин сольж тавьснаар амортизаторын эдэлгээг богино болгодог. 
4.    Ямарваа нэг зүйлийн стандарт хэмжээг өөрчлөх ( нум болон пүршийг өндөрлөх) зэрэг нь амортизаторын ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Энэ байдал манайд маш түгээмэл ажиглагддаг. Автомашин үйлдвэрээс гарахдаа бүх эд ангиуд нь өөр хоорондоо зохицсон байдаг.  Жишээ нь: Гитар хөгжимний бүх утас хөгтэй байж хөгжим сайхан дугардаг шиг автомашины эд ангиуд стандартын дагуу яг өөрийнх нь оргиналь сэлбэгт тохирсон ( хөглөгдсөн) байдаг.  Аль нэг нь алдагдвал хөггүй хөгжимтэй адилхан болж автомашины эд ангиудын ажиллагаа доголдож үүргээ бүрэн гүйцэтгэхээ больж эдэлгээ богиносно.
5.    Хэзээ ч норм хэмжээг хязгаараас хэтрүүлж болохгүй (ачаа даац ) 
6.    Нэг тэнхлэгэн дээрх дугуйн хийн даралт үргэлж адилхан байх ёстой ба энэ зөрчигдвөл амортизатор амархан муудна. 
7.    Тулгуурын системд ордог бусад деталуудыг солихгүй удаан явснаас амортизаторын үйл ажиллагаанд шууд муугаар нөлөөлнө.  Жишээ нь: Втулк резин, босоо хэвтээ тэнцүүлэгчийн резин гэх мэт. 
8.    Амортизаторын штокны хамгаалалт резин болон зөөллөгч резинүүдийг байнга шалгаж байх ба цоорч муудсан тохиолдолд даруй солих хэрэгтэй. 
 
2. Амортизатор хэдэн жилийн настай байдаг тухай
Амортизаторын насны асуудал нь хариулахад нэлээд төвөгтэй асуудал юм.  Энэ нь цэвэр хүний үйл ажиллагаа, техникийн ерөнхий байдалтай шууд холбоотой асуудал юм. Японы KYB фирм нь дэлхийд бусад амортизатор үйлдвэрлэгчдээс тоо болон чанарын хувьд №1 билээ. Дэлхийд давхиж буй 4 машин тутмын 1 нь KYB-д үйлдвэрлэсэн амортизатортай байдаг гэдгийг мэдэхэд хангалттай юм. Европ болон Америк дахь KYB – н салбарууд өөрийнхөө бүтээгдэхүүнд доорхи 5 нөхцөлийг хангасан тохиолдолд 2 жил хүртэл баталгаат хугацаа өгч байгаа. Үүнд: 
a.  Нэг зэрэг 4 ш амортизатор каталогийн дагуу сольсон. 
b. 4 ш амортизаторыг солихдоо пүршийг хамт сольсон
c.  Сольж буй автомашины наслалт 0-5 жил
d. Амортизаторт нөлөөлөх тулгуурын бусад эд ангиуд эвдрэлгүй буюу шинээр сольсон. 
e.  KYB-н сургалтанд хамрагдсан засварын газруудад дээрхи амортизаторуудыг сольсон тохиолдолд
Гэвч манай монголын замын нөхцөл байдал, автомашинуудын ерөнхий насжилт тулгуурын системд солигдож буй авто сэлбэгүүдийн оргиналь бус байдал, автомашин эзэмшигч хүмүүсийн маань техникийн ерөнхий ойлголт дутмаг зэрэг байдал нь амортизаторын насанд сөргөөр нөлөөлж байна. 
Урьдах туршлагаас харахад  засвар үйлчилгээгээ цаг тухайд нь хийж, оргиналь баталгаатай сэлбэг тавьдаг замын болон цаг агаарын нөхцөл байдалд тохируулан, ашиглалтын горим зөрчихгүй явдаг жолооч нарын машинд тоноглосон KYB оргиналь амортизатор монголын нөхцөлд 2-3 жил найдвартай явж байна. 
 
Жинхэнэ болон хуурамч амортизаторыг хэрхэн таних вэ?
Амортизатор бол авто сэлбэг дотроос хөдөлгөөний аюулгүй байдалд шууд нөлөөлдөг сэлбэг учраас зайлшгүй оргиналийг хэрэглэхийг шаардаж байдаг. Ямар ч авто сэлбэгийн хувьд төдийгүй монголд хэрэглэгдэж байгаа хүнсний бүтээгдэхүүн, эм, барилгын материалгэх мэт хүнд шууд аюул учруулж болох бүтээгдэхүүний хувьд жинхэнэ болон дуураймал бүтээгдэхүүнийг ялгаж танихад ихээхэн бэрхшээлтэй байдгийн адил амортизаторыг  хэрэглэгч ялгаж танихад бэрхшээлтэй.  Гэвч амортизатор худалдан авах гэж байвал дараах зүйлийг анхаарах хэрэгтэй. 
1-рт  Гарал үүслийн баталгаатай байх хэрэгтэй 
2-рт Уг бүтээгдэхүүнийг зарж буй компани болон үйлдвэрлэлийн хооронд байгуулсан гэрээ байх ёстой. 
3-рт  Худалдагч хүн танд  бараа бүтээгдэхүүнээ яаж ч сурталчилж болно. Тийм болохоор бодитоор монгол улсын хил гаалиар албан ёсоор орж ирсэн баталгааг үзэх хэрэгтэй. 
4-рт Хайрцаг сав ижилхэн байдаг учир зөвхөн хэрэглэж байж чанарын ялгааг мэдэрдэг учир найдвартай компанид хандах хэрэгтэй.
Дашрамд хэлэхэд япон авто сэлбэг түүний дундаас амортизаторын хувьд дэлхийн №1 амортизатор болох KYB амортизаторын албан ёсны дистрибьютор монголд бий болсон өнөө үед сэтгэл зовох зүйлгүй японы үйлдвэрээс ирсэн бүтээгдэхүүнийг авах боломж танд нээгдэж байна. 
  
Амортизаторыг бүтцээр нь яаж ангилах вэ?
Амортизаторыг бүтцээр нь 1 буюу хос хоолойт, мөн хий тосон, хий шингэн хосолсон амортизатор гэж ангилдаг. Эдгээр амортизаторууд нь тухайн автомашины онцлогт тохирон хийгдсэн байдаг. Хэрэглэгдэж буй онцлогоос хамааран энгийн, спорт, тохируулгатай амортизатор байдаг.  Жишээ нь: нумтай машинд голдуу тосон буюу нэг талын ажиллагаатай амортизатор тавигддаг. Ер нь япон автомашинд монголчлох гэсэн ойлголт тэр бүр тохирохгүй бөгөөд зөвхөн хэлбэр хэмжээний хувьд адилхан амортизаторыг автомашиндаа тохируулан тавьснаар та эдийн засгийн хувьд хохироод зогсохгүй хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлнө. 
                
Спорт амортизатор ямар онцлогтой вэ?
Спорт амортизаторын хувьд энгийн амортизаторыг бодвол өндөр хурдан дээр огцом эргэлт хийхэд богино хугацаанд кузовыг барьж өгдгөөрөө онцлогтой. Өөрөөр хэлбэл энгийн амортизатороос бүтцийн хувьд ялгаатай.  Жишээ нь богино хугацааны өндөр халалтанд тэсвэртэй тусгай шингэн болон клапантай байдаг. Спорт амартизатор энгийн амортизаторыг бодвол намхан байдаг .
Зарим нэг хүмүүс автомашиныхаа туулах чадварыг сайжруулж байна гээд өөр автомашины өндөр амортизаторыг автомашиндаа тавьсан байдаг. Энэ нь буруу юм. Хэрвээ тухайн автомашиныг өндөрлөх гэж байвал ганцхан амортизатороор энэ асуудлыг шийдвэрлэхгүй, тулгуурын системийн бүхий л эд ангиудыг зохицуулан өөрчлөх хэрэгтэй. Зөвхөн амортизатор,пүршний тусламжтай автомашинаа өндөрлөсөн тохиолдолд авто машины хүндийн төв өөрчлөгдсөнөөр аюулгүй байдал алдагдаж огцом эргэлт дээр онхолдох аюултай.
 
Өвлийн улирлын амортизатор гэж байдаг уу?
Хүмүүсийн дунд өвлийн шингэнтэй амортизатор байдаг гэдэг буруу ойлголт байдаг. Японы автомашинууд бүх дэлхийн улсад хэрэглэгддэг. Тэр машинд үйлдвэрээс гарахдаа бүх улирлын шингэнтэй амортизаторыг суурилуулсан байдаг. 
Амортизатор бүх улирлын шингэнтэй учир өвлийн цагт тухайн хүн ашиглалтын нөхцөлийг хэрхэн мөрдсөнөөс амортизаторын эдэлгээ хамаарна. Амортизатор бол аюулгүй ажиллагааг хангаж байдаг сэлбэг учраас өвлийн улиралд ч гэсэн эвдэрсэн л бол заавал солих шаардлагатай. Ажиллагаагүй болсон амортизатортой удаан явхад аюулгүй байдал алдагдаад зогсохгүй автомашины бусад эд ангид эвдрэл учруулж эдийн засгийн хувьд таньд хохирол давхар учруулна гэдгийг мэдэхэд илүүдэхгүй.
Өмнөх
Мушгиа гүүшин
Дараах
Урд үл хамаарах тэнхлэг