Дугуй

Оршил: Замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэл нь улсын стандартын шаардлагыг бүрэн хангасан байвал зохино. Техникийн улсын үзлэгт зохих журмын дагуу ороогүй тээврийн хэрэгсэл болон тоормосны систем, жолооны механизм, дугуй, гар тоормос, хөдөлгүүр, хүч дамжуулах анги, гэрэлтүүлэх хэрэгсэл, бүхээг, тэвш, нэмэлт төхөөрөмжинд ямар нэг эвдрэл гэмтэл тохиолдвол тухайн тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглоно. Замын хөдөлгөөнд оролцож буй аль ч улсын тээврийн хэрэгсэлд тавих нийтлэг стандарт нь АНУ, Герман (одоо Европын нэгдсэн улсын), Япон, зүүн азийн гэх мэтчилэн байхаас гадна, үйлдвэрлэгч болон мөн импортлогч улсууд өөрсдийн стандартыг батлан гаргадаг ажээ. Стандартад тээврийн хэрэгслийн оврын хэмжээнд болон зарим хийцэд хязгаарлалт хийдэг байна. Манай улсад тээврийн хэрэгслийн хэрэглээний үзүүлэлтүүдийн тооцоо, ерөнхий шаардлага, тээврийн хэрэгслийн дуу чимээний түвшингийн, тээврийн хэрэгслийн хорт хийг хэмжих арга зэрэг стандартууд мөрдөгдөж байна. Мөн аль ч улс тодорхой хугацаанд техникийн үзлэг тогтмол явуулж хөдөлгөөний аюулгүй байдал, экологитой холбогдсон агрегат, зангилгааны техникийн байдал, үзэмжинд зохих хууль тогтоомжийн дагуу үзлэг хийж, тооллого бүртгэл явуулж цаашид тодорхой хугацаанд хөдөлгөөнд оролцох эрх олгодог.
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН АШИГЛАХЫГ ХОРИГЛОХ ЭВДРЭЛ, ГЭМТЭЛ, техникийн зөрчил:
 
Дугуй:  Дугуй нь автомашины жингийн ачаалалтыг өөртөө хүлээн авч замын гадаргатай найдвартай үрэлцэх боломжийг бий болгохоос гадна хагас голоор дамжиж ирсэн хөдөлгүүрийн тахир голын эргэлтийг давших хөдөлгөөн болгон хувиргах үүрэгтэй. Мөн хөдөлгөөнөөс үүсэх элдэв цохилтын хүчийг зөөллөж өгнө. Резин дугуйн их биеийг тус бүр нь 5 кг ачаа даах мяндсан утсыг өөр хооронд нь 60о –ын өнцгөөр давхарлан тавьж түүхий резинээр шавж хийдэг. Гадна талаар нь үрэлтийн хүчийг ихэсгэх зорилгоор хээ нааж өгнө. Их бие хээ хоёрын завсар резинэн хучлага хавчуулсан нь дугуйнд үүсэх цохилтийн хүчийг зөөллөх үүрэгтэй юм. Том том үйлдвэр заводад байнга ажилладаг техникт хэрэглэх дугуйны резинэн зузаалганы оронд төмөр зузаалга хийж хадаас орохоос хамгаалдаг. Резинэн дугуйг дотуур хаймартай, хаймаргүй гэж 2 ангилдаг. Резин дугуй нь автомашины тогтворжилтонд чухал нөлөөтэй байдаг.
Иймээс резин дугуйнд дор дурдсан гэмтэл тохиолдвол тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглодог. Үүнд:
  • Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын автомашинд 1.6 мм, ачааны автомашинд 1.0 мм, автобус, троллейбусанд 2.0 мм, мотоцикл, мопедод 0.8 мм-ээс бага болсон, Тайлбар : Чиргүүлийн дугуйн хээний гүн нь чирэгчийн дугуйн хээний тогтоосон хэмжээтэй адил байна.
  • Дугуй нэвт цоорсон, утаснууд нь тасарсан,
  • Дугуйн хэмжээ, даац нь тээврийн хэрэгслийн тухайн төрөлд тохироогүй, Резин дугуйны хээ нь эдэлгээнийхээ хирээр элэгдсээр заасан хэмжээнээс цааш ашиглахыг хориглосон нь ослоос сэргийлсэн хэрэг. Учир нь дугуй эргэлтийн үед төвөөс зугтаах, хүндийн, замаас ирэх эсрэг хүч зэрэг олон хүчний үйлчлэлд орохоос гадна байнга хувьсах деформацын нөлөөгөөр ихэд халдаг юм. Энэ бүхэн нь хээний гүн багассан, нэвт цоорсон, утас тасарсан болон тээврийн хэрэгслийн даац хэтэрсэн үед гэнэт хагарч болно. Ер нь резин дугуй нь дотроо синтетик болон металл утсан тортой байдаг.
  • Дугуйн булны бэхэлгээ сул, найдваргүй бэхлэгдсэн, дугуйн цоожлох цагираг гэмтсэн, буруу тавигдсан, Дугуйг буланд тусгай хийцийн конус гадаргатай эргээр бэхэлдэг нь “ өөрөө чангарах “ сайн талтай юм.
Ачааны автомашинд эргэлтийг сааруулах зорилгоор эргэлтийн эсрэг буруу эрээстэй эргээр чангалдаг байна. Ачааны автомашинд ихэвчлэн задардаг металл дугуй хэрэглэдэг. Энэ нь задалж угсрах ажиллагааг хялбарчилж байгаа юм. Ийм задардаг дугуйд тусгай түгжээ цагираг байдаг. Үүнийг буруу тавих буюу түгжээ нь гэмтсэн бол дугуй хийлэх буюу хөдөлгөөний үед мултарч осолд хүргэж болох юм.
  • Нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан, Нэг тэнхлэгт өөр өөр диаметртэй дугуй тавьснаас автомашины тогтворжилт, тоормослолт, хөдөлгөөний чигээ хадгалах чанараа алдана. Мөн нэг тэнхлэгт байх дугуйн хийн даралт ч адил байх ёстой.
1 дүгээр бүлгийн засварын дугуй гэж элэгдсэн дугуйнд хээ наахыг хэлнэ.
2 дугаар бүлгийн засварын дугуй гэж нөхөөстэй юмуу, урагдсан дугуйг нөхөж үдсэнийг хэлнэ. 
 
Өмнөх
Жолооны механизм
Дараах
​Хөдөлгүүр, хүч дамжуулах анги