ШАТАХУУН ХЭМНЭХЭД ТУСЛАХ 7 ТЕХНОЛОГИ



Орчин үеийн машин болгон өөр өөрсдийн онцлох шатахуун хэмнэх технологиудыг шингээн гарч байна. Доорх танилцуулах 7 технологи нь авто үйлдвэрлэлд өөрчлөлт хийх чадвартай технологиуд билээ.
Эргэн санавал анхлан Acura NSX загварт клапан удирдах VTEC /VVT/ системийг хэрэглэснээр технологийн хувьд хувьсгал болж олны анхаарлыг татаж байсан юм. Харин одоо энэхүү системийг бүхий л автомашинуудад өргөнөөр хэрэглэдэг болсныг харвал үнэхээр хэрэгтэй технологийн нэг байсан гэдгийг гэрчилж байна. Харин одоо шатахуун хэмнэхийн тулд илүү олон технологийг авто үйлдвэрлэгч нар бидэнд санал болгож байгаа бөгөөд ихэнх шинэ загварууддаа стандартаар суурилуулж өгснөөр хэрэглэгчдийн сонирхлыг татах болсон байна.

 

1. Start-Stop систем



Мэдээжийн хэрэг автомашиныг нормальдаж байх үед маш бага хэмжээний шатахуун зарцуулах нь ойлгомжтой. Гэхдээ хайбрид хөдөлгүүртэй автомашинуудад үүний илүү боловсронгуй болгосон старт-стоп системийг санал болгож байгаа бөгөөд энэхүү систем нь ямар хайбрид төрөл хэрэглэж байгаагаас хамааран өөр өөрийн онцлогтой байдаг билээ.
Бидний сайн мэдэх майлд хайбрид хөдөлгүүртэй буюу бензин хөдөлгүүр, цахилгаан стартер/генератор болон өндөр хүчдэлийн баттерэйтэй автомашинуудад старт-стоп систем тавигдан түүний бүрдэл хэсэг нь болж ажилладаг бөгөөд автомашиныг тоормозлох үеийн энергийг баттерэйд хадгалж, хөдөлгөөн зогссон үед генератор бензин хөдөлгүүрийг унтраадаг байна. Улмаар та дахин хөдлөх үед баттерэйд хадгалагдсан энергээр цахилгаан стартер ажиллаж улмаар хөдөлгүүрийг асаадаг байна. Энэхүү систем нь мэдээжийн хэрэг маш хүчтэй баттерэйн чадал шаарддаг бөгөөд хэрвээ удаан хугацаагаар зогсох тохиолдолд бензин хөдөлгүүр өндөр хүчдэлийн баттерэйг цэнэглэхийн тулд дахин ажиллаж эхэлдэг байна.
Зарим автомашинуудад энэхүү технологийг ашигладаггүй ба Мазда компанийн хувьд өөрсдийн старт-стоп технологийг i-stop хэмээн нэрийдэж өөрсдийн загваруудад суурилуулж байна. Энэхүү технологи нь нүсэр бүтэцтэй, мөн үнэтэй бөгөөд ажиллагааны хувьд, поршен нь хөдөлгүүрийг асах хамгийн тохиромжтой байрлалд очин зогсдог байна. Поршенийн тэрхүү байрлалд агаар болон шатахууныг ноцоход бэлэн байдалтай байлгадаг ба хэрвээ хөдөлгүүрийг асаах шаардлага гарвал тийм ч их хүч болоод хугацаа шаардагддаггүй ажээ. Асаахад ердөө л 0.35 секунд шаардлагатай байдаг юм байна. Харин бусад авто үйлдвэрлэгч тэр дундаа Мерседес-Бенз компани энэхүү технологийг том оврын автомашинуудад хэрэглэж байгаа ба Мазда-ийн хэрэглэж буй старт-стоп систем нь шатахуун хэмнэлтийг 10% нэмэх боломжтой хэмээн танилцуулж байна.
Одоогоор засгийн газраас шатахуун зарцуулалтын тестийг старт-стоп системгүйгээр явуулж байгаа тул бодит амьдрал шатахуун зарцуулалт илүү бага гарах боломжтой юм. Хэрвээ засгийн газраас тестийг хийхдээ старт-стоп системийг ашиглаж хийгээрэй гэж зааж өгвөл одоо байгаагаас илүү сонирхолтой үр дүн гарах нь ойлгомжтой юм.
 

2. Цилиндр идэвхгүй болгох систем (Active Cylinder Deactivation)



Өөр нэгэн шатахуун хэмнэхэд туслах систем бол хэрэгцээгүй ажиллаж байгаа цилиндрийг идэвхгүй болгох технологи юм. Энэхүү цилиндр идэвхгүй болгох системийг Мерседес-Бенз компани өөрсдийн V8 болон V12 хөдөлгүүрт хэрэглэж байгаа бөгөөд үр ашиггүй ажиллаж байгаа 4 юмуу 6 цилиндрийг идэвхгүй болгодог ажээ.
ЖМ компани ч мөн энэхүү системийг өөрсдийн бүтээгдэхүүндээ танилцуулаад байгаа бөгөөд нэгэн хэвийн жолоодлогын үед хагас цилиндрийг (V8 хөдөлгүүрийн 4 цилиндрийг идэвхгүй болгоно) идэвхгүй болгосноор шатахуун хэмнэлтийг нэмэгдүүлдэг юм байна. Үүний илрэл болгож өөрсдийн автомат хурдны хайрцагтай Chevrolet Camaro SS загварт энэхүү системийг нэвтрүүлээд байгаа бөгөөд HEMI V8 хөдөлгүүрт тавигдсан цилиндрийн ажиллагааг идэвхгүй болгох систем нь 30 км/ц хурдаас илүү хурдтай, нэгэн хэвийн хөдөлгүүрийн эргэлттэй нөхцөлд хагас цилиндрийн ажиллагааг идэвхгүй болгож шатахуун хэмнэлтийг 10-20% сайжруулдаг юм байна.
Хонда компани ч мөн адил цаг үеэсээ хоцрохгүйн тулд арай өөр нэрээр буюу Variable cylinder management (VCM) нэрээр танилцуулаад байгаа бөгөөд 2 юмуу 3 цилиндрийг идэвхгүй болгодог энэхүү системийг өөрсдийн Аккорд , Pilot, Odyssey загваруудад тавигдаж буй V6 хөдөлгүүрт санал болгож байна.
 

3. Шууд цацалт (Direct Injection)



Бензиний шууд цацалттай хөдөлгүүр гэдэг нь бензинийг цилиндрийн дотор шатаах хөндийд өндөр даралтаар цацах зарчмаар ажилладаг хөдөлгүүр юм. Ойролцоогоор бензинийг 50-200 атмосфер даралтаар хөдөлгүүрийн сорох ээлжээс шахах ээлжинд цилиндрийн дотор шууд цацаж очлуурын очоор өдөөж шатааж өгдөг. Үр дүнд нь хөдөлгүүр илүү хүчтэй болж, шаталт сайн явагддаг тул байгальд ээлтэй болж чадсан байна.
Киа компанийн бүтээгдэхүүн хариуцсан менежер Жэймс Хопийн мэдээлснээр Киа Оптима 2.4 литрийн 4 цилиндртэй хөдөлгүүрт шууд цацалтын технологи болон бусад голлох технологийг хэрэглэсний үр дүнд ангилалдаа хамгийн шилдэг хэмнэлттэй загвар болсон гэдгийг хэлжээ. 2.4 литрийн шууд цацалттай хөдөлгүүр нь түүнээс бага эзлэхүүнтэй 2.0 литрийн турбо хөдөлгүүрээс бага шатахуун зарцуулалттай байгаа бөгөөд энэ нь хэрэглэгчдийн сонирхлыг татах нэг үндэс болоод байна.
 

4. Бяцхан генератор (Smart Alternator)



Хьюндай компани өөрсдийн хайбрид загварууддаа энэхүү шинэхэн технологийг ашиглаж эхлээд байгаа бөгөөд ажиллагааны гол онцлог нь баттерэйг зөв цагт нь цэнэглэхэд оршиж байгаа юм байна.
Жишээлбэл, та хурдаа хасах үед систем нь баттерэйг цэнэглэх бөгөөд харин эсрэгээрээ хурдаа авах үед түүний үүрэг чөлөөлөгдөж илүү их хүчийг гаргахад нь саад болдоггүй байхаар хийгджээ. "Энэ нь генераторын сул талыг үгүй хийсэн технологи бөгөөд энергийг ашигтай зарцуулахад тусалдаг" гэж Хьюндай компанийн олон нийттэй харилцах албаны төлөөлөгч Дерек Жойс хэлжээ. Жойс-ийн хэлж байгаагаар энэхүү технологи нь шатахуун хэмнэлтийг 1.5-2% орчмоор хэмнэхэд тусалдаг гэжээ.

 

5. Цахилгаан рулийн аппарат (Electric Power Steering)



Ихэнх авто үйлдвэрлэгчид гидр шингэний жолооны механизмаас татгалзаж цахилгаан мотороор эргүүлдэг цахилгаан рулийн аппаратыг өөрсдийн автомашинуудад ашиглаж эхлээд байна. Гидр жолооны механизм нь үргэлж өндөр даралт шаарддаг тул хөдөлгүүрт байнгын ачаалал өгч шатахуун зарцуулалтыг нэмэх үндэс болдог бол цахилгаан систем нь хөдөлгүүрийн оролцоог үгүй хийснээр шатахуун хэмнэлтийг сайжруулжээ. Зөвхөн шатахуун хэмнэлт болоод хөдөлгүүрийн ачааллаас гадна гидр жолооны механизмаас илүү хөнгөн тул автомашины жинг хөнгөн болгоход тодорхой үүрэг гүйцэтгэдэг байна.
Женерал Моторс компанийн менежер Марк Миерсийн хэлснээр "Цахилгаан рулын аппарат нь шатахуун хэмнэлтэд туслах олон системүүдийн нэг нь юм. 2013 оны сүүл гэхэд Шэви, Кадиллак, Бьюик болон GMC брэндийн талаас илүү загваруудад цахилгаан рулын аппаратыг ашиглах болно" гэжээ. Цахилгаан рулын аппаратыг БМВ компани Efficient Dynamics төслийн хүрээнд автомашинууддаа суурилуулж байгаа ба улмаар Форд болон Dodge, мөн Хонда, Хьюндай гэх мэтчилэн компаниуд өөрсдийн загварууддаа хэдэн жилийн өмнөөс бүгд ашиглаж эхлээд байна.
Шинэ Chevrolet Malibu Eco загварт тавигдсан цахилгаан рулийн аппарат нь шатахуун хэмнэлтийг 2.5% хэмнэхэд тусалдаг гэж Шэви танилцуулж байгаа билээ.
 

6. Eco товчлуур



Таны дараагийн авах машины урд самбарын хаа нэгтээ жижигхэн ногоон товчлуур байгаа бол энэ нь түүний шатахуун хэмнэлтийг дээшлүүлэх увидастай товчлуур юм. "ECON товчлуурыг дарснаар хааз өгөлтийг багасгах буюу та хөлөөрөө хаазны гишгүүрийг 80% хүртэл гишгэсэн ч хөдөлгүүрт үзүүлэх нөлөөлөл нь 10% гишгэсэнтэй дүйцхүйц нөлөөлөл үзүүлдэг байна.
Энэ нь хөдөлгүүрийг нэгэн хэвийн жигд ажиллуулах ба улмаар шатахуун хэмнэлтэд туслах юм" гэж Хонда компанийн олон нийттэй харилцах албаны Крис Мартин хэлжээ. ECON горимыг шинэ 2012 оны Хонда CR-V загварт хийж өгсөн гэдгийг тэрээр мөн дурьджээ.
ECON горим нь хөдөлгүүрээс гарах үр ашиггүй чадлыг хаазны гишгүүрийн туслалцаатай багасгаснаараа онцлог бөгөөд улмаар энэхүү горим нь Круйз контрол систем болон эйр кондишний системтэй хавсран ажиллаж хэмнэлтийг улам сайжруулах боломжтой юм байна.
Бусад авто үйлдвэрлэгч болох Chevrolet болон Хьюндай нар "eco mode" товчлуурыг өөрсдийн загваруудад ашиглаж байгаа бөгөөд энэхүү горимыг идэвхжүүлснээр араа шилжилтыг түргэсгэж, хөнгөн араанд хурдан шилжүүлдэг ба улмаар хөдөлгүүрийн эргэлтийг багасгаснаар шатахуун хэмнэх боломжтой болсон байна.

 

7. Эсэргүүцэл багатай дугуй (Low Rolling Resistance Tires)



Хамгийн сүүлд нь, маш олон компаниуд эсэргүүцэл багатай дугуйг өөрсдийн автомашинуудад тавьж ашиглаж байна. Хонда компанийн Мартин хэлэхдээ "Манай компани дугуй үйлдвэрлэгч нартай хамтран ажиллаж бүх загварт таарах бүх улирлын эсэргүүцэл багатай дугуйг хөгжүүлж байгаа " хэмээсэн байна.
Эсэргүүцэл багатай дугуй нь зам болоод дугуйн хооронд үүсэх үрэлтийг багасгах зориулалттай ба одоогоор зөвхөн хайбрид автомашинуудад энэ төрлийн дугуйг ихээр хэрэглэж байна. Цаашид энгийн бусад загваруудад ч гэсэн хэрэглэх хандлагатай байгаа ба үүнийг анхдагч болж Мазда компани Мазда3 Skyactiv загвартаа ашиглаж эхэлсэн байна. Үр дүнд нь шатахуун хэмнэлтийг 5% хүртэл нэмэгдүүлсэн хэдий ч уламжлалт дугуйтай харьцуулбал зууралт багатай, мөн тав тух муутай зэргээр учир дутагдалтай байгаа юм.
Авто үйлдвэрлэгч нар шатахуунд хэмнэлттэй автомашиныг бий болгохын тулд бага хөдөлгүүрийн эзлэхүүнтэй эсвэл хайбрид хөдөлгүүртэй автомашинуудыг ихээр хөгжүүлж байна. Дээрх танилцуулга 7 технологи нь шатахуун хэмнэхэд зайлшгүй шаардлагатай технологууд бөгөөд ирээдүйд улам боловсронгуй болж хэрэглэгчдэд хүрэх нь тодорхой билээ.

 
Өмнөх
Машин зогсох үед нормал унаж, хөдөлгүүр ...