Бусад төхөөрөмж

Оршил: Замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэл нь улсын стандартын шаардлагыг бүрэн хангасан байвал зохино. Техникийн улсын үзлэгт зохих журмын дагуу ороогүй тээврийн хэрэгсэл болон тоормосны систем, жолооны механизм, дугуй, гар тоормос, хөдөлгүүр, хүч дамжуулах анги, гэрэлтүүлэх хэрэгсэл, бүхээг, тэвш, нэмэлт төхөөрөмжинд ямар нэг эвдрэл гэмтэл тохиолдвол тухайн тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглоно. Замын хөдөлгөөнд оролцож буй аль ч улсын тээврийн хэрэгсэлд тавих нийтлэг стандарт нь АНУ, Герман (одоо Европын нэгдсэн улсын), Япон, зүүн азийн гэх мэтчилэн байхаас гадна, үйлдвэрлэгч болон мөн импортлогч улсууд өөрсдийн стандартыг батлан гаргадаг ажээ. Стандартад тээврийн хэрэгслийн оврын хэмжээнд болон зарим хийцэд хязгаарлалт хийдэг байна. Манай улсад тээврийн хэрэгслийн хэрэглээний үзүүлэлтүүдийн тооцоо, ерөнхий шаардлага, тээврийн хэрэгслийн дуу чимээний түвшингийн, тээврийн хэрэгслийн хорт хийг хэмжих арга зэрэг стандартууд мөрдөгдөж байна. Мөн аль ч улс тодорхой хугацаанд техникийн үзлэг тогтмол явуулж хөдөлгөөний аюулгүй байдал, экологитой холбогдсон агрегат, зангилгааны техникийн байдал, үзэмжинд зохих хууль тогтоомжийн дагуу үзлэг хийж, тооллого бүртгэл явуулж цаашид тодорхой хугацаанд хөдөлгөөнд оролцох эрх олгодог.
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН АШИГЛАХЫГ ХОРИГЛОХ ЭВДРЭЛ, ГЭМТЭЛ, техникийн зөрчил:
 
Бусад төхөөрөмж:
  • Хурд хэмжүүр ажиллахгүй болсон,
Хурд хэмжүүр ажиллахгүй байх нь жолооч хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэхгүй явах, хурдыг зөв сонгох зэрэг хүндрэл учруулдаг бөгөөд хурд хэтрүүлэх, хурдыг зөв сонгохгүй байх нь хөдөлгөөний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлдэг.
  • Дуут дохио ажиллахгүй болсон,
Суурин газарт зөвхөн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд дуут дохио өгч болдог. Харин суурин газрын гаднах замд дуут дохиог анхааруулах дохио болгон ашигладаг. Дуут дохио ажиллахгүй болсноор дүрмээр заагдсан үүргийг ( ЗТО-оос урьдчилан сэргийлэх ) гүйцэтгэж чадахгүй болдог. Нөгөө талаас дуут дохио нь хэт чанга, давтамж өндөр байх нь хөдөлгөөнд оролцогчдод таагүй сөрөг нөлөөтэй гэдгийг санах хэрэгтэй.
  • Шил арчуур, цан үлээгүүр ажиллахгүй болсон,
Халаагч ба сэрүүцүүлэгч нь агаарын урсалтын хурдыг ихэсгэх, цонхны шилийг цантах, хөлрөх зэргээс хамгаалах ажлыг гүйцэтгэнэ. Зарим автомашины арын салхины шилийг гүйдэл дамжуулах өндөр эсэргүүцэл бүхий утсаар халааж цанг арилгадаг. Шил алчуур, цан үлээгүүр нь цаг агаарын янз бүрийн нөхцөлд жолоочийг тав тухаар хангах, харагдах орчныг халхлахгүй буюу бүрхэгдүүлэхгүй байх үүрэгтэй.
  • Хаалга, тэвшний цоож түгжээ эвдэрсэн, гүйцэд хаагдаж, нээгдэхгүй болсон, Автомашинд хэрэглэж байгаа цоож түгжээ нь зориулалт, хийц, хэлбэрээс хамаарч янз бүр байдаг. Түгжээ нь ашиглалтын явцад өөрөө онгойхгүй байх нөхцлийг хангасан байдаг. Автобус, троллейбусны хаалгыг жолооч өөрийн байрнаас онгойлгож, хаах хэрэгслээр удирддаг. Энэ хэрэгсэл ажиллахгүй болох нь тээврийн хэрэгслээр зорчигчийн аюулгүй байдлыг хангаж чадахгүй юм.
  • Ар талаа харах толь, салхины шил, нарны хаалтгүй болсон,
Тээврийн хэрэгслийн ар талыг харах толь нь автомашины хийцийн салшгүй нэгэн хэсэг юм. Арыг харах толийг тээврийн хэрэгслийн 2 хажуу болон мөн бүхээгт байрлуулдаг. Овор ихтэй болон 2 буюу түүнээс дээш чиргүүл чирдэг чирэгч, баруун талдаа жолооны хүрдтэй автомашинуудад чиргүүл болон дугуй орчмын хэсгийг харах нэмэлт толийг суурилуулж өгөх шаардлагатай. Тээврийн хэрэгсэлд арыг харах толь байхгүй эсвэл буруу байрлуулснаас жолоочийн харах орчин хязгаарлагдаж ингэснээр жолооч орчны байдлыг буруу үнэлж байр эзлэх, чиг өөрчлөх үед бусдын хөдөлгөөнд саад учруулж улмаар осолд ч хүрч болзошгүй юм. Иймд тээврийн хэрэгсэлд арыг харах толийг заавал байрлуулсан байх шаардлагатай. Бүхээгний шил цуурч гэмтсэн тохиолдолд гэрлийн хугаралтын улмаас жолооч, зорчигчийн нүд гялбах, шил байхгүй үед салхины урсгалд цохигдох, жолооч зорчигчийн ая тухтай байдал алдагдах сөрөг нөлөөтэй байдаг. Тусгай дуут болон гэрлэн дохиог хэрэглэх бол Замын цагдаагийн албанаас зөвшөөрөл авна. Нарны хаалт нь жолооч болон зорчигчийг гэрлийн гялбалтаас хамгаалсан нэмэлт төхөөрөмж юм.
  • Үйлдвэрээс тавьсан хамгаалах бүс, суудлын дэр байхгүй буюу шаардлага хангахгүй болсон,
  • Мотоцикл, мопедод зориулалтын гишгүүр, зорчигчийн барих бариул байхгүй болсон,
  • Чиргүүлийн холбоос эвдэрсэн, хамгаалалтын гинжин татлага байхгүй буюу гэмтсэн,
Тээврийн хэрэгслийн чирэх хэрэгслийн хэлбэр, хийц, хэмжээг үйлдвэрээс тооцоолон хийж өгсөн байдаг. Иймд чирэх хэрэгслийг өөр маркийн тээврийн хэрэгслийнхээр орлуулах, өөрөө хийх нь хөдөлгөөний аюулгүй байдалд нийцэхгүй.
  • Тэвшний шал цөмөрсөн, бүхээг, тэвшний гадна хэсэг их хэмжээгээр эвдэрсэн буюу өнгө үзэмж нь илт муудсан,
Тэвшний шал цөмөрсөн үед тээж яваа ачаа зам дээр гээгдэн замын хөдөлгөөнд саад учруулах, орчныг бохирдуулах зэрэг сөрөг нөлөөтэй. Гадна үзэмж нь илт муудсан тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох нь хөдөлгөөний соёлд нийцэхгүй юм. Тээврийн хэрэгслийн гадна хэсэг нь иэхвчлэн ЗТО-оос шалтгаалан эвдэрдэг. Иймд ЗТО-д өртсөн жолооч Цагдаагийн байгууллагад ослын талаар мэдэгдэх үүрэгтэй.
  • Автобус, троллейбус, суудлын буюу ачааны автомашин, дугуйт тракторт эмийн сан, гал унтраагуур, ослын зогсолтын тэмдэг байхгүй болсон,
  • Шаврын хаалтгүй,
Шаврын хаалт нь дугуйнаас үсэрсэн шавар болон бусад зүйлсээс араас явж байгаа тээврийн хэрэгслийг хамгаалах үүрэгтэй. Хэрэв тээврийн хэрэгсэл шаврын хаалтгүй бол өөрөө хийж болно. Шаврын хаалтын өргөн нь тээврийн хэрэгслийн дугуйны хэмжээнээс бага зэрэг өргөн, дугуй газар 2-ын харьцалтын цэг шаврын хаалтны үзүүр 2-ыг холбосон шулуун нь замтай 15о налуу үүсгэхээр урттай байна.
  • Бүхээгний шилэн дээр юм бичсэн, зураг наасан, хөшиг татсан, цацаг унжуулсан, салхины шил нь их хэмжээгээр цуурсан, бохирдсон зэргээс жолоочийн харах боломжийг хязгаарласан,
Тайлбар: Салхины шилний дээд хэсэгт өнгөт, тунгалаг хальс нааж болно. Мөн гэрэл буруулагчтай (толины хэсгээс бусад хэсэгт) шил ашиглаж болох бөгөөд шилний гэрэл нэвтрүүлэх чадвар нь салхины шилэнд 75 %, урд хаалганы шилэнд 70%, бусад шилэнд 60%-аас багагүй байвал зохино.
  • Автобус, троллейбусны хаалга нээх, хаах хэрэгсэл ажиллахгүй болсон, хаалга харах тольгүй буюу толио буруу тавьсан,
  • Түлшний түвшин заагуур ажиллахгүй болсон,
  • Бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин буюу бүх жин нь 5 тонноос их автобусанд ивүүр байхгүй (хоёроос цөөнгүй). 

 
Өмнөх
​Гэрэлтүүлэх хэрэгсэл
Дараах
Жолооны ард зөв сууж аюулгүй, тав тухтай...